16/03/2026
СОНГОЛТ ТАНЫХ
Хүн гэдэг ерөнхий нэртэй амьтныг судалж, таньж мэдэх нь сонирхолтой бас шаардлагатай.
Ерөнхийдөө хүн гэдэг оюун ухаантай 1 ширхэг амьтан өөрийн оюун ухааныхаа тусламжтайгаар гаднаас хүлээн авсан мэдээллүүдээ ангилж, боловсруулж дүгнэлт хийдэг чадвартай. Тэгээд дүгнэлтдээ тулгуурлаад СОНГОЛТ хийдэг.
Гэвч хүмүүст өөрт нь СОНГОЛТ хийх боломж байгаа эсэх нь нийгмийн нөхцөл байдлаас хамаардаг.
Та бидний яг одоо амьдран буй цаг хугацаа бол хүн бүхэн нийгмийн асуудалд СОНГОЛТ хийн оролцохыг шаарддагаараа онцлог юм.
Бие даан СОНГОЛТ хийж оролцох боломжит нийгмийг бид ардчилсан нийгэм гэж ойлгож болно. Хэрвээ таныг сонголт хийхэд ямар нэгэн хөндлөнгийн нөлөөлөл байх аваас энэ нь эрх чөлөөт ардчилсан нийгэм биш юм.
СОНГОЛТГҮЙ амьдрал СОНГОЛТТОЙ амьдралын аль нь хэцүү вэ?
Бид өнөөдөр хэт олон сонголтон дунд төөрч үнэн худал, зөв бурууг ялгах гэж маш их ЯДАРЧ байгаа санагддаг.
Ардчилсан нийгэм СОНГОЛТ-нд тулгуурлаж зохион байгуулалтанд ордог онцлогтой. Та бүхэн энэ тухай сайн мэднэ. Монгол улс 4 шатлалтай төлөөллийн байгууллагуудаас бүрддэг. Үүнийг бид ХУРАЛ гэж нэрлэдэг. Иргэд нийтийн хурал, иргэдийн төлөөлөгчдийн хурал, Их хурал гэж шат шатны хурлын байгууллагуудаар өдөр тутмын амьдралаа зохицуулж амьдардаг.
Хурал төлөөлөгчдөөс бүрдэнэ. Төлөөлөгчид СОНГОЛТ-оос тань хамаарч төлөөлөх эрх олж авдаг.
Харамсалтай нь бид өөрсдийгөө хэнээр төлөөлүүлэх ёстойгоо, төлөөлөгчөөсөө юу шаардахаа, бидний төлөөлөгч нар бидний өмнө ямар үүрэг, хариуцлага хүлээдгийг мэдэхгүй, сонирхохгүй, надад хамаагүй гэсэн хариуцлагагүй хандлагаар сонголт хийдэг нь маш ноцтой асуудлуудын гол үндсэн шалтгаан болж байгааг ухаарах цаг нэгэнт болжээ.
Үнэндээ та сонгоно уу? Сонгохгүй байна уу? Сонгохдоо өнөө маргаашдаа хэрэг болох зүйл өгсөн хүнийг сонгоно уу? Эсвэл насан туршид чинь элбэг хангалуун амьдрал өгч чадах нэгнийг сонгоно уу? энэ бол таны л СОНГОХ ЭРХ.
Гэхдээ Сонголт алдаагүй байх аваас та бид эх орондоо эзний ёсоор сайхан амьдрах бүрэн боломжтой гэдгийг ухаар. Зөв сонголт хийхэд мэдлэг, үнэн зөв мэдээлэл нэн чухал. Тиймээс өөрөөсөө шалтгаалах өөрийгөө хөгжүүлж ЗӨВ сонголт хийж чаддаг иргэн болох хэрэгтэй байна.
СОНГОЛТ ТАНЫХ. ТИЙМЭЭС ТАНЬД АМЖИЛТ ХҮСЬЕ!