23/09/2026
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 337 ДУГААР АНГИЙН ТҮҮХТ 56 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, Монгол Улсын Төрийн тэргүүн дээд Чингис хаан одонт, сансрын нисгэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 337 дугаар анги үүсэн байгуулагдсаны түүхт 56 жилийн ойн баярын арга хэмжээг 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Баярын арга хэмжээний хүрээнд ангийн түүхэн замнал, ололт амжилтыг сурталчлан таниулахын зэрэгцээ үе үеийн ахмад дайчид болон залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, хамт олны эв нэгдэл, уур амьсгалыг дэмжихэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
Арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар Монгол Улсын гавьяат нисгэгч цол хүртсэн ангийн захирагч асан, бэлтгэл дэд хурандаа Л.Доржид ангийн захирагч Б.Батболд хүндэтгэл үзүүлсэн ба зарим офицер, ахлагчдад Төрийн одон медаль, цэргийн цол гардуулсан юм.
Ойн баярын хүрээнд ангийн бялдаржуулах танхимын нээлтийн арга хэмжээ зохион байгуулсан нь алба хаагчдын эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, цэргийн мэргэжлийн бэлтгэл, бэлэн байдлыг хангахад чиглэсэн чухал үйл ажиллагаа боллоо. Ангийн захирагч дэд хурандаа Б.Батболд бялдаржуулах танхимыг нээж хэлсэн үгэндээ “Тус танхимыг ашиглалтад оруулснаар алба хаагчид чөлөөт цагаараа тогтмол дасгал хөдөлгөөн хийх, бие бялдрын бэлтгэлээ дээшлүүлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх боломж нэмэгдэж байна” хэмээн онцолсон юм.
Баярын арга хэмжээг урлагийн тоглолтоор үргэлжлүүлж, алба хаагчдын авьяас чадвар, уран бүтээлч сэтгэлгээг илэрхийлсэн дуу, бүжиг, хөгжмийн болон бусад үзүүлбэрийг хүргэлээ. Урлагийн тоглолт нь ангийн түүх, цэргийн алба, эх оронч үзэл, нөхөрлөл, хамтын ажиллагааг илэрхийлсэн бөгөөд алба хаагчдын идэвх оролцоог нэмэгдүүлснээрээ онцлог байлаа.
Ойн баярын төгсгөлд хүндэтгэлийн зоогийн арга хэмжээ зохион байгуулж, үе үеийн ахмад, одоо ажиллаж буй алба хаагчид нэгэн дор цуглан ангийнхаа түүхэн замнал, өнгөрсөн үеийн дурсамж, өнөөгийн үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар санал бодлоо хуваалцлаа.
Түүхт ойн баярын өдөр өнгөрсөн 56 жилийн амжилт бүтээлээ дүгнэхийн зэрэгцээ үе үеийн ахмадынхаа үйл хэрэг, үнэтэй сургамж, уламжлалыг залуу үедээ өвлүүлэн, хамт олны эв нэгдлийг бэхжүүлсэн арга хэмжээ болсон юм.