07/03/2023
Анх хадмынхаа өгсөн 2 үхрийг зарснаар, махны худалдаа хийх бодол төрж билээ. Тэр үед санаандгүй УБ хот явсан юм. Тэгсэн махны үнэ 1 кг нь 1200 төгрөг гэж байна шүү. Дорнодод үхрийн мах 1 кг -250 төгрөг, адууны мах 1 кг - 150 төгрөг байсан. Дорнодоос хүмүүс мах их зөөдөггүй байсан үе.
Би нэлээн юм ачиж яваад, бүх махаа зараад 1 сая төгрөгтэй болж билээ. Тэрнээс хойш 10-аад жил хот руу мах тээвэрлэсэн. Тэр болгон ашиг дандаа орж ирэхгүй ээ. Нэг удаа махны үнэ өсөж гэж дуулаад, махаа ачаад л гарлаа. Яг хот руу орох агшинд л үнэ 2 дахин уначихсан байгаа юм даа…
Зах зээлийн ид үед овоо ашигтай ажилласан. Анх аймаг дотроо морин тэргээр махаа зардаг байснаа бодвол, 2 ширэн цүнхэнд мөнгөө хийгээд, пургон машинтай явдаг болов. Бизнес овоо хөл дээрээ босож байсан цаг л даа. Тэгээд нэг өдөр бүх мөнгөөрөө мах авч, хөргөгчтэй машинд хийгээд л давхилаа. Тэгсэн чинь, хөргөгч замдаа эвдрээд бүх мах маань юу ч үгүй болж билээ. Тэгээд л 0 заасан даа.
Удалгүй 1500 төгрөгтэй гарч ирээд, хүний мал, мах зээлээр авч борлуулж, хэд хэд эргээд, босож ирж билээ.
Шантрах үедээ, үүнээс өөр юу хийж чадах вэ? гэж өөрөөсөө асуудаг байсан. Үнэндээ өөр чадах юм байгаагүй.
Дараа нь хот руу мах зөөхөө болиод, лангуун дээр зардаг болсон. Нас ч явсан.
Зун өглөө 5,6 цагт ажил эхэлнэ. Эрт очиж махаа авна. Зүгээр авахгүй ээ, гуйж түүж авна шүү дээ бид. Орой 7 гээд харина даа.
Орчин үеийн залуус их өндөр шаардлага тавьдаг болсон байна лээ. Тэр нь ч зөв. Гэхдээ үхэр, адууг ясгүй амьтан гэж боддог болоо юу гэмээр, ясгүй мах авъя л гэдэг. Гэтэл бид цаанаасаа ястай нь авна. Том үхрээс бараг 50 кг яс гарна. Ястай нь зарахгүй юм бол, тэр хэмжээний мөнгийг хаяж байна гэсэн үг л дээ. Үнэтэй зарж, ашиг их олдог гэсэн ойлголт эндүү ташаа шүү.
Ямар ч байсан 4 хүүхдээ дээд боловсролтой болгосон. Сайхан л байдаг юм. Өглөө ажилдаа ирэхэд, манайхан “өглөөний мэнд” гээд л…орой “сайхан амраарай” гэж хэлдэг. Их гоё мэдрэмж төрнө шүү. Махны зах дээр хөдөлмөрч бүсгүйчүүд ажилладаг гэж боддог. Ажиллагаа ихтэй шүү дээ.
Би 75 хүртлээ ажиллана аа гээд тоглоом шоглоом хийдэг юм. Хөдөлмөр, зүтгэл л хүнийг бүтээнэ гэж боддог. Ямар ч бизнесийг бодох, хийх хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй. Аль болох өөрөө хийж, оролдож, гүйх чухал даа.
Хамт олондоо болон бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүддээ баярын мэнд дэвшүүлье💙
Шүр зах дээр махны худалдаа эрхлэгч:
Д.Боргилчулуун