14/09/2026
🙏
БУСДЫН САЙН САЙХНЫГ БОДСОНООР ӨВЧТЭЙ ХҮН ХУРДАН ЭДГЭРДЭГ, АЖИЛ ХЭРЭГ НЬ БҮТЭМЖТЭЙ БОЛДОГ
Хүн ганц өөрийгөө бус бусдыг сайн сайхан байгаасай гэж бодохын хэрээр өвчин нь илаарших, өөрөө хурдан эдгэрэх шалгаан болдог гэж энэ номд айлдаж байна.
Богд Зонховыг бясалган, мэгзэм тоолно гэдэг усыг рашаан болгох, сүүг эм болгох аргыг зааж буй юм. Энэ аргад гарч буй утга өвчтэй хүн өвдвөл бусдын сайн сайхны төлөө бодоод ирэхээр эдгэрдэг гэдэгтэй хэрхэн холбогдох вэ гэвэл жишээлбэл: Мэгзэмийн үүднээс сүүг эм болгон хувиргаж бүтээн, эхлээд лус савдаг тэргүүтэнг амар амгалантай байлгахын төлөө залбирч, тэрхүү зайг өргөх хэрэгтэй гэж энэ номд (Мэгзэмийн тайлбарын эмхтгэл) айлдсан байна.
Лус савдаг тэргүүтэн өргөлийг хүлээн авч, бие нь амар амгалан, сэтгэл нь аз жаргалтай болоход өөрөө өвдөх, ажил бүтэлгүйтэх, сэтгэл санаа тавгүйтэх тэргүүтний шалтгаан арилдаг. Харин эсрэгээр энэ муу лус савдаг яах нь энэ вэ, тэр газрын лусаас болж хорлогдчихлоо, хэрхэн хариуг нь барих вэ, би яаж хурдан эдгэрэх вэ гэх мэтээр өөр рүүгээ эхэлж хандан, олон ном засал хийлгэлээ ч өвчнийг нь эдгээх үйлчилгээ хүрдэггүй.
Лусаас үүдэлтэй өвчин тусахын эхлэл нь биднээс шалтгаалдаг. Биднээс болж лус өвддөг, лус өвдөхөөр бидэнд хор хүргэнэ. Дарааллын хувьд биднээс эхлэлтэй лус өвдсөн тул түүнийг эдгээж аргадаж, өөрийн зовлон багасна, арилна. Үүнтэй адил, амьдралд нийтлэг олон зүйл тохиодгийг бид мэднэ. Эмнэлэгээр яваад онош нь тогтоогдохгүй, өвдөж буй хүнд хорлол ирсэн гэж үздэг. Зарим эмч ийм хүнийг ламд очоод үзүүл, энд нэг өөр юм байна гэдэг бололтой. Ингээд лус савдгийн хорлол гэх мэт шалтгаан тогтоогдвол тэдгээрийг дарах зан үйл хийлгэсний дараа өвчин нь илаарших эсвэл онош нь зөв тогтоогдох зэрэг үр дүн гарах нь байдаг. Энэ яриаг хураангуйлбал, хэрэв бид өвдөөд эдгэе, ажил үйлс бүтэхгүй гээд бүтээе гэвэл бусдын сайн сайхныг бодож байж хурдан эдгэрэх, ажил хурдан бүтэх нь байна.
Уул уурхайн малтлага, өрөмдлөг хийдэг, бизнес эрхэлдэг хүмүүс шүтлэггүй байхын аргагүй юм. Эдгээр хүн янз бүрийн зүйл зүүдлэх, унтах болон сэрүүн байх хооронд янз бүрийн зүйл харагдах зэргээр лус савдаг дургүйлхэж буйг мэдэрдэг байна. Гэвч тэдэнд ажил хэрэгтэй, амьдралаа залгуулахаар сонгож авсан ажил нь юм. Тэд лус савдгийг хэрхэн аргадах, хэрхэн залбирах, үр хүүхдэд нь хэрхэн нөлөөлөхгүй байх вэ гээд аяндаа сүсэгтэй болдог гэж надад санагддаг. Энэ юуг хэлж байна вэ гэвэл: Бид эрүүл байхдаа ч бусдын тусламжтай эрүүл, өвдөж байвал бусдаас шалтгаалж өвдөж байна. Бусдаас шалтгаалж өвдөх, ажил бүтэлгүйтэхэд эхлэл нь өөрөө тул жишээлбэл: лусыг аргадахын тулд лусыг хайрлах юм.
Хэн нэгэнд гүтгүүлж, дээрэлхүүлснээс болж өөрөө зовж байвал, хорлогч этгээд тэр нь яаж тэгж үйлдэж чадаж байна вэ гэж санагдлаа ч, үнэхээр түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж, номд айлдсан аргуудын дагуу хайрлах сэтгэл төрүүлж, хэдэн өдөр бодоход айхавтар том асуудал мэт бодсон нь асуудал биш болоод явчихдаг. Бусдыг ийнхүү хайрлах сэтгэл цаад хүндээ нөлөөлж, өөр мэдрэмж төрүүлнэ гэнэ. Жишээ авч үзье. Нэг хүн Батад их дургүй нь хүрсэн гэе. Бат энэрэх сэтгэлийг хэдэн өдөр бодож, түүнд чин сэтгэлээсээ санаа тавихад нөгөө хүний Батын талаарх бодол өөрчлөгдөнө. Тэр хүн ямар ч шалтгаангүйгээр Бат ер нь тийм ч муу хүн биш бололтой гэж бодно. Ийм мэдрэмж төрдөг байна.
Ачит багшийн айлдвараас...2026.08.14
хуулбар