07/04/2026
Өнөөх л “Фантастик хашхираан”
Монголын кино уран бүтээлчид сүүлийн үед түүхэн сэдэвт анхаарч эхлээд буй. Тэр дундаа ойрын 200, 300, 400 жилийн түүхийн хуудсыг эргүүлж эхэлсэн нь сайн хэрэг. Манжийн эрхшээлд 200 гаруй жил хэрхэн нэгийгээ хэлмэгдүүлж, алж, устгаж байсан гээд Монголын түүхийн ээдрээт үеүд бий. Тэгвэл “Фантастик” продакшн ээлжит бүтээлээ Манжийн эрхшээлээс хэрхэн гарсан, тусгаар тогтнолоо зарласан тэр эгзэгтэй түүхэн үеийг харуулан бүтээжээ. Өмнө нь тэд “Зүрхний хилэн” гэдэг кино хийж байв. Манжийн үед халхын сайн эрчүүд яаж амьдарч байсан талаар өгүүлсэн кино гэх юм уу даа. Түүхэн кино гэхээсээ илүү тухайн цаг үеийн ард иргэдийн амьдрал, тэмцлийг харуулсан гэвэл онох байх. Энэ кино түүхийн олон маргаантай асуултад нэг талаас нь хариулт өгсөн, уран сайхны гаргалгаа сайтай, зураг авалтыг маш сайн шийдсэн, өнгө шүүлт дээр нарийн ажилласан бүтээл байлаа. Уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүн нүсэр, өргөн хүрээг хамарсан, сүүлийн үед Монголд гарсан чанартай түүхэн уран сайхны киноны нэг болжээ. Гэхдээ илүү сайжруулах боломж байсан.
Тодко самсоны гол алдаа
Зохиолч Т.Мягмартогтохыг шууд муулах гэж байна гэж бүү бодоорой. Тэр хүмүүсийн хэлээд байдаг шиг анхнаасаа л авах юмгүй нөхөр бол биш. Мэдээж хамгийн анхны гаргаж байсан роман нь үг хэллэг, дүрслэл, зүйрлэлээс эхлээд дүр босголт гээд тааруу зүйлс ихтэй. Бага багаар сайжраад л байгаа. Ерөнхийдөө зохиолын санаа, эргэлт, өгүүлэмж эрс сайжирсан. Анх “Вангийн нулимс” гэдэг роман гаргасан. Түүнээс хойш хамгийн сүүлд “Үр хөврөл” хүртэл 5-6 романыг хооронд нь уялдуулж, үргэлжлүүлж эмх цэгцтэй бичнэ гэдэг ч том чадвар. Бичих гэдэг байнга бичээд л байвал аяараа сайжирдаг ажил. Түүнийг ч хийж байгаа. Мань эр хамгийн сүүлд гаргасан “Үр хөврөл” романдаа “Вангийн нулимс”-ынхаа үргэлжлэлийг холбож өгсөн. Тэр дунд нэг сонирхолтой түүх багтсан нь Сайн ноён хан Намнансүрэн, түүний хатан Магсарын тухай түүх юм. Түүнийг нь Б.Тамир найруулагч шүүрч авч, энэ хоёр нийлж “Тусгаар тогтнол:Бошиг сахигч” киног хийсэн байх. За тэр ч яахав, хэзээ, яаж санаа нэгдсэн нь чухал биш. Гол нь кино зохиолыг бичихдээ Todko илтэд гаргадаг алдаануудаа сайтар зассангүй. Хэдийгээр зохиолын чансаа дээшлээд байгаа хэдий ч хойш нь татдаг алдаанууд нь засрахгүй байна.
Эхлээд ололттой талыг нь бичье. Кино зохиолд зөвхөн үйл явдал хөөгөөгүй том санаа, уран сайхныг шингээж өгсөн. Нэгдүгээрт, анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар яагаад Манжид дагаар орох шийдвэр гаргасан бэ. Түүхийн шүүлтэд ороход тэр шийдвэр зөв байсан уу гэдгийг маш нарийн гаргаж өгсөн. Эрдэмтэн судлаачид Манжид дагаар орсон шийдвэрийг зөв, буруу гэж хоёр хуваагдаж маргалддаг. Буруу гэсэн тал нь Галданбошигттой нийлээд, урд тал руугаа дайн хийгээд явж болох байсан мэтээр тайлбарлах нь бий. Өөр олон янзын тайлбарууд бий, бий. Түүнийг бүгдийг нь бичнэ гэвэл цаг, цаас хүрэлцэхгүй. Харин шийдвэр зөв байсан гэдэг талыг барьдаг эрдэмтэд нэлээд магадлалтай гаргалгаануудыг хийдэг. Тухайлбал, монголчууд цөөхүүлээ байсан. Хойшоо ч, урагшаа ч дайн байлдаан хийгээд байхаар хүчин чадал, хүн хар байгаагүй. Гэтэл Оросууд хойноос газар нутгийг түрэн орж ирж, Байгаль далай орчмоор дүнзэн байшингаа барьж суурьших болсон. Манайх руу цөмөрч, дайн байлдаан хийж эхэлсэн. Урд талд Манж улс хүчирхэгжиж байлаа. Харин баруун талд Галдангийн арми төвөг удаж байв. Галдан бошигт цаагуураа Оростой эерүү харилцаатай байсан ч гэж түүхэнд бичсэн нь бий. Ийм хүнд цаг үед, дотоодын дайндаа ч Түшээт хан Чахундорж ялж чадалгүй ялагдсан. Яг ийм үед Өндөр гэгээн хаашаа зүглэх вэ гэдэг шийдвэр гаргасан нь Манж байв.
Кинонд Өндөр гэгээн “Би мандах Төрийг биш мөхөх Төрийг дагав” гэж хэлж буйгаар гардаг. “Монголын гээгдсэн түүх” подкастыг хөтөлж явуулж байгаа Боловсролын сайд асан Ё.Отгонбаяр гуай “Манжийн дарлалд бол байгаагүй. Дарлаад, зовоогоод байсан уу гэвэл бас үгүй. Харин эрхшээлд нь, хараат байсан гэвэл илүү онох байх” гэх маягтай ярьдаг. Сүүлд Манжийн төр мөхөх дөхөж, Дундад иргэн улс хүчирхэгжиж гарч ирэх зааг үед л монголчууд эрх чөлөөгөө олж авах эсэх дээрээ тулж, хэсэг туйлдсан. Энэ мэт санаануудыг кинонд шигтгэж өгсөн. Энэ бол том хэлэмж байлаа.
Хоёрдугаарт, авууштай нь уран сайхны гоё шийдлүүд гаргаж өгсөн. Сайн ноён хан Намнансүрэн өөрөөс 6, 7 дүү Магсаржав гэх хатантай болоод, хоёр ч хүү төрүүлсэн боловч аавынх нь дунд хатан Цогтдарь хорлоод алчихдаг. Энэ бол зөвхөн ганц ноёны хүүхэд рүү халдсан хэрэг бус, алтан ургийн байж болох 60 гаруй хүү, охиныг зохион байгуулалттайгаар алсан аллаг байсан гэж илүү томоор харуулж өгсөн. Нөгөө талаар, Ханддорж вангийн хүү Данзанжамц Бээжинд алагдсан. “Хүүгийн тань бие муу байна” гэж түүнийг дуудаад, тавган дээр толгойг нь тавьж өгсөн гэдэг түүх бий. Чухам юунаас болоод Нанаа хүүгийнх нь толгойг авсан бэ гэдэг нарийн өгүүлэмж түүхэнд байхгүй. Далай ламтай хамт тэнд очихдоо ёслолын дэг зөрчсөн гэх мэт жижиг, сажиг яриа байдгаас биш.
Тэгвэл кинонд Сайн ноён хан Намнансүрэн Манжийн хаантай очиж уулзаж, Өндөр гэгээн Занабазар түүний аав Энх-Амгалан хаантай байгуулсан Энхтүвшингийн гэрээг авахыг хүсдэг. Амь насаараа дэнчин тавьсан энэ үйлдэл нааштайгаар эргэсэн ч Манжийн хаан “Маргааш ордон эзгүй байна. Гэхдээ олон харуул манаатай шүү” гэх мэтээр өөрсдөө зохицуулаад, хулгайлаад ав гэдэг. Намнансүрэн ноён Дилав хутагттай хамт Бээжинд очсон. Хоорондоо энэ хэргийг хэлэлцэж, яаж авах, хэрхэн харуулуудын анхаарлыг өөр зүгт татах гэх мэтээр ярихыг Нанаа сонсчихдог юм. Ингээд улс орныхоо тусгаар тогтнолын төлөөх үйл хэрэгт туслаад, өөрөө баригдсан гэж өгүүлсэн нь маш сайн уран шийдэл байв. Яагаад байж болохгүй гэж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халхын ноёд үр хүүхэдтэйгээ хамт тэмцэж байсан юм шүү гэдгийг харуулсан өнцөг. Гоё санагдсан.
Гуравдугаарт, 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тусгаар тогтнолоо зарлах хүртэл Монголын удирдагчид, өвгөд дээдэс эх орноо бүтэн авч үлдэхийн төлөө яаж тэмцсэн бэ. Ямар үнэ цэнтэй тэмцэл байсан бэ гэдгийг бүтэн утгаар нь харуулж чадсан. Киног үзээд хүн бүр эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгоно.
Тодкогийн дүр босголт буюу “нэг эсийн хоёр ихэр”
Одоо саар руугаа оръё. Тодко буюу Т.Мягмартогтох олон жил зохиол бичиж, туршлагажиж байгаа мөртлөө нэг гол зүйлийг огт засахгүй байна. Тэр нь дүр босголт. Зохиолынх нь гол дүрийн эрэгтэйчүүд бүгд ухаантай, сайн зан чанартай, ойролцоо юм ярьдаг. Эмэгтэй дүр нь ч ялгаа байхгүй. Түүнийг муу зохиолч гэж зарим хүмүүс хэлээд байдаг нь үүнтэй ч холбоотой байж болох. Яг адилхан юм яриад сууж байдаг, яг адилхан бодож, сэтгээд, ойлголцоод байх хүмүүс гэж байх уу. Монголын шилдэг роман “Тунгалаг тамир”-аар жишээ авъя. Бүх дүр нь өөрийн гэсэн зан араншинтай, илэрхийлэмжтэй, хэлэмжтэй. Итгэлтийн охин, бэр хоёрыг л харчих. Насаар ойролцоо, хоёр адилхан л бүсгүй. Ямар ялгаатай, өөр зан араншинтай байна. Хар багадаа тоглож өссөн Хонгор, Бат хоёрын дүр. Зан байдал, илэрхийлэмж нь ямар өөр билээ. Гээд ярьвал бүх дүрийнх нь талаар, өөр өөр байдлыг нь дурьдаж болно. Гэтэл Тодко тэрийг хийж чадахгүй байна.
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киноны хоёр гол дүр болох Сайн ноён хан Намнансүрэн, Чин Ван Ханддорж хоёрын дүрийн ялгамжийг, хувь хүний онцлогыг, ялгааг бараг л гаргасангүй. Хоёр өөр дуу хоолойтой, царай төрхтэй жүжигчин дүрд нь тоглож байгаагаараа л ялгаатай байх. Аан нэг нь жаахан омогшингуй ярьдаг юм уу даа. Өөр дүрийн ялгаа гэхээр юм тэнд байна уу. Яг л адилхан хоёр хүн өөд өөдөөс хараад, бие биедээ ухаантай ухаантай юм яриад л суугаад байгаа юм. Эмэгтэй дүрүүд байна. Магсар хатан, Сэрсэн бүсгүй хоёрын дүр. Бас л зан чанарын хувьд ялгаа харагдаагүй. Өөд өөдөөсөө хараад ухаантай, ухаантай юм яриад л сууж байх жишээтэй. Угаасаа Тодкогийн бүх зохиолын дүр ийм байдаг. Үүн дээр найруулагч Б.Тамир ч сайн ажилласангүй л гэж харагдлаа.
Нэмээд, энд тэнд шүлэглэсэн хэсгүүд мэр сэр гарлаа. Магсар хатан хүүхдээ алдсаны дараа
Мянган бурхан байсан ч
Манцуйтай үрийг минь хамгаалж чадсангүй
Буман бурхан байсан ч
Булбарай ганц үрийг минь хамгаалж чадсангүй юу гэсэн шүү маягаар шүлэглэж уйлж ч байх шиг. Хуучны хүмүүс гэхээрээ л баахан шүлэглээд яриад байдаг байсан гэж бодоод байж болохгүй. Ер нь Тодко өөрөө зохиолууд дээрээ шүлэг оруулаад байдаг талтай. Тэрийгээ ч бас энэ кинонд гээсэнгүй. Энэ ямар “Тамгагүй төр” үү. Хэрэгтэй, хэрэггүй шүлэглэсэн хэсгээр яах юм. Зүгээр л энгийн ярь л даа. Тэгээд үрээ алдсан эх хүн уйлж хайлж суухдаа толгой, сүүл холбоод байх уу. Гэх мэтээр бодолцох зүйлс их байлаа.
Өнөөх л “фантастик хашхираан”
Одоо найруулга талаас нь бичье. Юуны өмнө Б.Тамир бол найруулагчийн талаасаа нэлээд өсөж, хөгжиж, илүү сайжирч чадсан гэдгээ энэ киногоор харууллаа. Киноны найруулга, шийдлүүд, эргэлт, хаана нь юу оруулах, юу өгүүлэх, яаж огшуулах гээд бүх зүйлийн жин бан таарсан. Ерөөс Б.Тамир аавтайгаа буюу О.Бат-Өлзий найруулагчтай хамтарч “Маш нууц: Байтаг богд”, “Цөвүүн цаг” зэрэг хэд хэдэн кинонд хамтарч ажиллаж, илүү нарийн ажиллагаанд нягт суралцсан гэж бодоод байгаа юм. Түүнийг нь сүүлийн үеийн уран бүтээлүүдэээс нь ажиглаж болно. Нэмээд зураг авалт, план тавилтууд маш гоё. Манжийн үеийн хүрээ, хот, суурин, Бээжин гээд орчныг харуулахад уран хандах ёстой байсан. Түүнийгээ ч гоё хийсэн. Шийдэл нь дажгүй байлаа. Кинонд хамгийн чухал зүйлийн нэг нь өнгө тавилт. Өнгө тавилтад киноны уран бүтээлчид маш нарийн анхаарсан нь магтууштай. Яг л гадны, Холливудын гоё өнгө төрхтэй кино үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлснийг энд заавал цохон дурдах нь зүйн хэрэг. Нэмээд, 2 цаг гаруйн киног үзэхэд уйдах хэсэг бараг байгаагүй. Шимтэн үзэж байтал л кино дууссан. Гэх мэтээр маш сайн уран бүтээлийн бүхий л шинжийг “Бошиг сахигч”-аас харж болно.
Ганц, хоёрхон сайжруулж болох зүйлс байсныг энд бас хэлье. “Фантастик”-ын олон ч кинонд харагддаг, эрэмшсэн, омогшсон хэсгийг гаргахдаа утга учиргүй бахирдаг, архирдаг, шүдээ тас зууж, хавирч, яг л нэг араатан аятай аягладаг байдлыг энэ удаад ч бас л давтлаа. Омогшил заавал бархиралтаар, эрэмшил заавал архиралтаар илэрдэг ч юм биш. “Миний ах атаман”, “Маш нууц-1” энэ тэр дээр гардаг хэтэрхий их бахиралт, архиралтыг бодвол тун хэмжээ нь багассан байна билээ. Гэхдээ л байсан. Кино эхлэхэд, Галдан Бошигтын талынхан Өндөр гэгээн Занабазарын өргөөнд орж ирээд, Манжид дагаар орлоо гэж уурлаж, хашгичиж байгаагаас эхлээд архиралт явна даа. За яах вэ, Галдангийн цэргүүд шүү дээ. Ази хавиар байнга дайн, байлдаан хийж байсан, мэргэжлийн цэргүүд тэр хэмжээний араншин гаргах л гээд өнгөрөөе.
Халхын ноёд хуралдаж байхад Чин Ван Ханддорж тэргүүтэй ноёдууд нэгэн рүүгээ хутга гарган дайрч, яг л ясаа булаалдсан ноход шиг архиралдах нь зохис муутай л харагдаж байна билээ. Тэд чинь муу ч, сайн ч Халхын хан, ван, ноёд. Хатгалдах дайсан юу хаана байна гээд хашгирч дайрдаг дайчид биш. Арай жаахан намбатай, ёс төртэй, аядуу зөөлөн, арга ухаантай, ярьж хэлэлцэхдээ сайн, дипломат хүмүүс. Яавч хутгаа сугалаад, элэг бөөрийг чинь ухаж гаргана гэсэн шүү юм яриад байхаар биш. Жин бангаа жаахан тааруулах байж гэж бодогдсон.
Ханддорж Вангийн Бээжинд хүүгийнхээ толгойг царан дээр буйг хардаг хэсэг. Энэ бол хамгийн драмлаг хэсэг байх ёстой байлаа. Түүхчдийн бичсэнээр хүүгийнх нь толгойг царан дээр тавиад өгөхөд Ханддорж Ван “Энэ надад тохирохгүй зоог байна” гэж хэлээд, асар их хүчээр биеэ барьж, юу ч болоогүй мэт байсан гэж бичдэг. Кинонд “Ноёд та бүхэн зоогоо барь, би зовлондоо цадлаа” гээд босдог л доо. Байж болох л шийдэл. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө шатаж яваа эр хүн хэдий ч үрийнх нь толгой өмнө нь байхад яаж тэссэн юм бол. Тэр дүр зураг л өөрөө асар том зөрчил, асар том драм. Гэтэл хажууд нь сууж байсан Манлайбаатар Дамдинсүрэн /Баярбат/ босож ирээд, бас л баахан бахирч, орилж, хашгичиж байгаа нь хамгийн зөрчилтэй, хамгийн драмлаг хэсгийг бүрэн утгаар нь алж байгаа юм. Нэмээд, Баярбат баатар хүний уур, цухлыг тоглож харуулж чадахгүй байна. “1242: Өрнөдийн босгон дээр” кинонд ч үүнийгээ харуулсан. Гэтэл “Бошиг сахигч” дээр өөр хаана ч гарахгүй байсан мөртлөө хамгийн чухал, хамгийн торгон хэсэг дээр гарч ирээд, утга учиргүй архиралтаа хийж байгаа нь найруулагчийн алдаатай шийдэл байлаа.
Дүр сонголт: Б.Тамирын тарамдалт
Б.Тамир сайн найруулагч, жүжигчний хувьд ч муугүй. УДЭТ-ын олон гоё жүжигт тоглож байлаа. Кино урлагт оруулж буй хувь нэмэр, уран бүтээлүүдийг нь ярьвал уртын урт түүх бий. Гэхдээ “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кинонд заавал өөрөө Сайн ноён Хан Т.Намнансүрэнгийн дүрд тоглох хэрэг байсан уу. Киногоо ч найруулах гээд, өөрөө жүжиглэх гэсээр тарамдуулчихав уу гэж харсан. Жүжиглэлт нь орно оо, гарна аа гэдэг шиг л байлаа. Сайн ноён Ханы дүрд тоглочих өөр жүжигчин Монголд байж л байгаа. Эсвэл заавал мэргэжлийн жүжигчин гэлтгүй, дээр үеийнх шиг тохирох дүр төрхтэй хүн олоод тоглуулах, жаахан хөдөлмөр гаргах хэрэгтэй байж гэж бодогдсон.
Мөн Магсаржав хатны дүрд жүжигчин Б.Одончимэг тохирсонгүй. Муу жүжиглэсэн гэж байгаа юм биш шүү. Маш сайн жүжигчин, олон ч гоё дүрийг тултал гаргаж чадсан. “Аз жаргалын шок” киноны нөхөртэйгээ солигдчихдог бүсгүйн дүрийг Б.Одончимэгээс өөр жүжигчин гаргаж чадах байсан болов уу гэж бодогддог. “Гарц”-ын цагдаа бүсгүйн дүрийг ч янзтай гаргасан. Гээд тоочвол олон. Харин Магсар хатны дүрд тохирох жүжигчин бол биш байлаа гэж дүгнээд байгаа юм. Янз бүрийн судалгаа, бичвэрийг уншихад Магсаржав хатныг үг дуу цөөтэй, даруу, тайван тогтвортой, ёстой л нэг хатан хүний шинж бүрдсэн гэж бичсэн байдаг. Тодко ч гэсэн “Үр хөврөл” романдаа яг л ийм шинжүүдийг бүрдүүлсэн гэж бичсэн байгааг уншсан. Нэмээд, дөнгөж 16, 17 настайдаа Намнангийн хатан болж ирсэн. Энэ бүхнийг бодоод үзэхэд, Б.Одончимэг тохирохгүй байгаа юм. Энэ чинь аядуу зөөлөн, хатан хүний дүр шүү дээ. Хоолойны өнгөнөөс авахуулаад л бодолцох байсан болов уу.
Яагаад тайзны тоглолт вэ?
Найруулагч Б.Тамирын жүжигчдээ тоглуулах арга барил нь тайзнаас нэг мөр салж өгөхгүй байна уу даа. Тухайлбал, кино эхлэхэд Галдангийн цэргүүд Өндөр гэгээний өргөөнд орж ирж, агсардаг хэсэгт жүжигчин Баттүшиг баахан бахирч, хашгирдаг. Тэр чигээрээ тайзны жүжиглэлт ханхалж байна билээ. Уг нь Баттүшиг бол киноны, тэр тусмаа чадварлаг, энгийн гоё жүжиглэж чаддаг. Тэр нь хаашаа алга болов.
Жүжигчин Эби буюу Г.Эрдэнэбилэг. Ханддорж Вангийн дүрд яг тохирсон гэж хэлж болно. Түүний жүжиглэлт, хоолойны өнгө, илэрхийлэмж бүгд гоё. Монголд байгаа чадварлаг жүжигчдийн нэг. Тайзанд нь ч, дэлгэцэнд ч тоглож чадна. Угаасаа тийм чадвартай. Гэтэл “Бошиг сахигч” кинонд тэр чигээрээ тайзны жүжиглэлт үзүүлэв. Яг л “Тэнгэрийн хүү”, “Тамгагүй төр”-д тоглож байгаа юм шиг. Тэр дундаа омогшсон, эрэмшсэн, байж ядсан, тэвчсэн, тэсэрсэн хэсгүүдэд тэр чигтээ л тайзны тоглолт хийсэн. Энэ бол найруулагчийн жүжигчдээ тоглуулж байгаа л арга барил л даа. Найруулагч Б.Тамир драмлаг, тайзны жүжиглэлтийг кинондоо яагаад оруулаад байдгийг өөрөө л мэдэх байх. Хэдийгээр түүхэн сэдэвтэй кино, омогшиж, эрэмшсэн хэсгийг тэгж харуулахгүй гээд яах юм гэх л байх. Гэхдээ дахиад хэлье, омогшил, эрэмшил хоолойны бядаар хашгирч, тайзны жүжиглэлтээр харуулснаар илүү сайн гардаг ч юм биш. Өөр олон янзын тоглолт байдаг гэдгийг мартаж болохгүй.
Найруулагч Б.Тамир ч гэсэн Намнансүрэнгийн дүрийг гаргахдаа тайзны жүжиглэлтээс гарч чадаагүй хэсэг маш олон. Монгол хүний онцлог, монгол ноён хүний зан чанар гэдэг арай л өөр өнгө аястай байх болов уу гэж мунхаглан бодох юм.
Н.ПУНЦАГБОЛД