14/10/2026
Талийгаач Ш охины ээж Г.Отгонтуяа: Ойрд их сайхан өдрүүд байлаа. Олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэлийг минь төр үнэлж, БТА, “Шилдэг арга зүйч” хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртлээ. Өөрийн хийж бүтээсэн ажлаа төрдөө үнэлүүлнэ гэдэг миний хувьд асар их утга учиртай, олон жилийн хөдөлмөрийн минь үнэ цэнийг мэдрүүлсэн бахархалт мөч үйл явдал билээ. Миний ажлын удирдлага, хамт олон, найз нөхөд, ээж,ах эгч дүү нар минь баяр хүргэж, сэтгэлийн сайхан үгс, өнгө өнгийн цэцгийн баглаагаар намайгаа мялаалаа.Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа.
Гэвч... Яагаад ч юм олсон амжилт, хүртсэн гавъяа шагналаа гардан авсан тэрхэн торгон мөчид цугларсан олон дундаас ХАЙРТ ОХИН МИНЬ цэцгийн баглаа бариад Ээжээ, баяр хүргэе гээд гүйгээд ирэх юм шиг санагдсныг яана😭
Аль болох ажлаа шамдан хийж өнгөрснийг, муу муухай зүйлсийг бодохгүй байхыг, өөрийгөө завгүй байлгахыг би хичээдэг ч хааяахан хормын төдийд хүч алдаж, нялх хүүхдээс долоон дор болдогтоо уур минь хүрэх юм.Баяр хөөр дүүрэн энэ өдөр ч гэсэн зүрхний минь хаа нэгтээ нэг л орон зай хоосон эзгүйрнэ. Надад нэг л юм дутаад байхыг би анзаарлаа.
Гэртээ орж ирэхэд сэтгэл нэг л дутуу, нэг л хоосон.
Сэтгэлээ хямраахгүй гэж далд хийж нандигнан хадгалсан охиныхоо өдрийн тэмдэглэл, хичээлийн дэвтрүүдийг гаргаж ирлээ.Хуудас бүрийг нь эргүүлж, бичсэн үсгүүдийг нь харж, дэвтрүүдийг нь энгэртээ тэвэрч үнэрлэн суухад охины минь үнэр сэнхийх шиг болж, өөрийн эрхгүй нулимс асгарлаа😭🙏
Дэвтрүүдийг нь үнсэж, үнэрлэн, нэлээд удаан суулаа.Тэрхэн мөчид охин минь яг хажууд байгаа мэт санагдаж, ээждээ үлдээсэн бяцхан мөрүүд нь хүртэл амь орсон шиг…
Хүний амьдралд бусдын өмнө инээмсэглэж, баярлаж, бахархаж явах өдрүүд олон ч сэтгэлийн гүнд хэнд ч харагддаггүй, хэнд ч бүрэн тайлбарлаж болдоггүй, хэзээ ч юугаар ч нөхөж болдоггүй хоосон зай гэж байдаг ажээ.Тэр хоосон орон зай хүний баярт мөч, гунигт өдрүүдэд сэдэрдэг юм байна.
Хамтдаа өнгөрүүлсэн мөчүүд, дурсамжууд, охиныхоо гараар бичсэн хэдхэн мөр хүртэл ямар их үнэ цэнтэйг ийм үед л улам гүн мэдэрдэг ажээ.
Амьдралын минь баяр бахархал, амжилт бүтээл бүхэн дунд охин минь байсан бол…Ээж нь өнөөдөр ямар их баяртай байгаа ч ганцаардан бэтгэрч байгааг охин минь дээрээс харж байгаа болов уу😭
Баярын нулимс дунд гунигийн төдийгүй, ганцаардлын, охиноо гэсэн хязгааргүй хайрын бас бэтгэрлийн нулимс хамт урсдагийг би мэдлээ. Бурхан өршөө🙏🙏🙏