01/08/2026
✍Кинонд тоглож буй өнөө цагийн жүжигчид их ааштай болжээ.
Охид хүүхнүүд бүгд шивүүлсэн хөмсөгтэй. Тэр нь зураасан сэлэм шиг тахиралдана. Мянга нэгэн шөнийн үлгэрт гардаг Шахеразада гэдэг араб бүсгүй шиг болжээ. Монгол эмэгтэй өргөн хөмсөгтэй.
Өнөө цагийн хүүхнүүд ижилхэн цайрайтай, бүгд хавчиг хамартай, шувтан эрүүтэй болжээ.
Энэ нь хувь хүний хүсэл сонголт боловч кино урлагт харш явдал.
Найруулагч яаж түүхэнд тохирох элдэв дүр гаргах юм бэ?
Нэгд, энэ нь түүхэн киноны “ крупный" планд боломжгүй?
Одоогийн охид шүүр шиг урт дэрвийсэн хиймэл сормуустай.
Кино бол театр биш учраас тод дүрс буюу "крупный" планы үггүй тоглолтыг чухалчилдаг.
Нүдийг сэтгэлийн толь гэдэг?
Дэрвийсэн туужуур шиг сормуустай нүдээр сэтгэлийн гүн дэх хувиралыг харуулж болдоггүй, их төвөгтэй, нүд анивчихад дэвүүр шиг халхлаад.
Ер нь орчин үеийн жүжигчин залуус нүдээр илэрхийлэх дотоод сэтгэлийн далд тоглолтыг үзүүлж чаддагүй болжээ. Доторгүй дүр гаргаад байна гэсэн үг.
Эрэгтэй жүжигчин залуус бүгд фитнесеер хичээллэж боди билдингийн тамирчин болов.
Гүзээтэй шалхайсан, бөгтийсэн /сутулый/, бөгтөр гэдгэр хазгар зэрэг биеийн хэлэмжээр илэрхийлэх дүрд гарах хүн ховордсон... Бүгдээрээ л бодибилдингийн тамирчин.
17-19 дүгээр зууны эрчүүд арай өөр байсан биз.
"Жишээ нь "Сахиус уу Сахиул уу" кинонд тоглосон гавьяат жүжигчин Сүхбаатар ахын бүтээсэн дүр бол монгол эрэгтэй хүний хэвшмэл шинж дүр юм.
Уран сайхны кино амьдралыг өргөнөөр харуулдаг.
Орчин цагт жүжигчдийн амбиц ихдээд жүжигчин охид гуйлгачин, цайрай муутай эм, ядуу дорой харагдах эмэгтэйд толохоо больсон гэнэ. Муу хүний дүрд тогловол доошоо орсон болдог гэнэ?
Бас найруулагч жүжигчиндээ хатуухан шаардлага тавибал жүжигчин зургаа хаяад зугатдаг гэнэ.
Саяхан гарсан Дэлгэрбаяр найруулагчийн "Мөрч" олон ангит уран сайнны киног үзсэн, үзэгчдийн тал нь сайхан Монгол кино болж гэсэн бол нөгөө хэсэг нь ийм хэмнэлтэй кино үзэж чадахаа больжээ гэсэн байна.
Бид Монголоо алдаж эхэлсэн шиг л бололтой.
Найруулагч бөөн айдас дунд ажиллаж, ааштай жүжигчдэд базуулдаг болжээ. Тэгээд л тэдэнд бөхөлздөг юм байна.
Сайн гэсэн жүжигчид найруулагчаасаа илүү цалин нэхдэг юм биш үү?
Киноны хувь заяаг эцэстээ найруулагч үүрдэг гэсэн бодолтой хуучны хүн нь бичиж байна аа.
Жинхэнэ жүжигчин хүнд сайн муу дүр гэж байх ёсгүй.
Зураач залуус түүхийн кинонд этник - ёс зүй эд юмсаа мэдэхгүй судлаагүй ажиласанаас бөөн алдаа хийдэг.
Мөнгө цалингийн байнгын гачаалтай явдаг жүжигчид нэг дор хэд хэдэн кинонд өөрийгөө өөрчилж хувиргахгүй тоглосоор явна...
Хувцас нь өөр боловч өнөөх л ноднин уржнангийн дүр хэвээр харгддаг.
Эрт урьдын Монгол ахуй амьдралыг клип маягтай тас няс гэж жижиглэж хяргасан дүрс, түн тан гэсэн ритмтэй хэмнэлд уран сайхны киног монтажлах болжээ.
Уртхан план үзэх тэнхэлгүй үзэгчид олширчээ. Найруулагч урт планыг зүгээр хийдэггүй.
Жинхэнэ Монгол үзэгч айраг шимж суугаа шигээ тавтай тухтай харагдах планд шимтэж кино үздэг.
Монгол хүний сэтгэхүй, алив юмыг хүлээж авах нь хотынхоноос өөрөө.
Ер нь ахмад настны асуудал, хайр болон харын сэтгэл, элдэв зовлон жаргалыг үзүүлсэн кино устжээ. Тэд хүн биш юм байх даа?
"Өндөр ээж" ямар сайхан кино билээ ?
Шинэ үеийн ихэнх кино нь зохиол муутай юм.
Амьдралын үнэн худлыг гярхай гогдож, гүнд нь нэвтэрч, элдэв адармаа хэн хүний сэтгэлийн шарх, ээдрээг зөв харуулсан кино үгүйлэгдэнэ.
Жинхэнэ авьяастай хүн л кино зохиол бичдэг. Хэн хүн бичдэг ажил биш...?
Залуу найруулагчид алив хүнийг үзүүлэхдээ чанга орилж хэрэлдүүлж байвал дүр гаргачихлаа гэж өрөөсгөл бодсоор.
Кино зохиолч хүн хүний дотоод ертөнцийн ялгааг өөр өөрөөр гаргаж бичдэг.
Одоо ч ч найруулагч бүр зохиол бичиж өөрийн бодсоноо зөв гэж үзэгчдэд тулгадаг болжээ.
Ер нь нарийн бичсэн диалогитой кино зурганд гардаг юм уу?
Гурван зуун жилийн өмнөх хүмүүсийн яриа бодол өөр л байж таарна.
Залуу уран бүтээлчид эх орныхоо жинхэнэ зохиолчдын өдий төдий лут лут роман тууж уншсан болов уу ?
Монгол киноны хөгжим өөр болжээ.
Пентатоник -таван аялгуу ноотонд бичсэн хөгжим үгүй болов. Монгол болгож байна гээд этник- хөөмей, цуур, морин хуур хааяа ятга, лимбийн эгшиг дуугаргаж, өнөө л долоон өнгийн европ америк хөгжмөө бичнэ.
Бүр Монгол амьдралын хэм хэмнэлээс хол юм бичиж түчинүүлдэг.
Ийм хөгжимтэй киног гадаадын фестивалийн шүүгчид тоохгүй. Тэд судалгаа сайтай мэдлэг өнгдөртэй хүмүүс.
Хэрүүл уруул хашгичаантай кино их болов.
Монгол хүн чимээгүй уурладаг. Ямаан омогтой Хятад Солонос хүн лав биш.
Кинонд бол крупный план гэж маш чухал юм бий..
Амьдрал олон өнгөтэй. Монгол газар дөрвөн улиралтай. Орчин үед бүх киног зуны 3, намрын 2 сард авдаг болохоор өвөл үзэгдэхээ болив. Гунигтай.
Тайга гарсан кинонд эрхээ биш өвөл үзэгдэнэ.
Бас Монголын бүх айл тансаг хауст суудаггүй. Гурав дөрөвдүгээр хороололд түм буман хүн амьдарч ажиллаж байна. Тэнд баяртай гунигтай амьдрал дүүрэн буцалж байгаа.
Тансаг амьдрал хаус харуулсаар үзэгч залуусыг тийм амьдрал руу уруу татах болов.
Нөгөөтэйгүүр тансаг амьдрал харуулахгүй бол кино үздэг залуу үзэгч үгүй болов гэнэ, Энэ яаж байгаа юм бэ?
Буруу хөгжих нийгмийн буруу биз ээ.
Ер нь тансаг амьдралыг бий болгоход их мөнгө хэрэгтэй. Тэр мөнгө хаана байгаа юм. Хулгайч нарт л бий. Цөөхөн хүн мөнчгөрөөрөө мөнгөтэй болсон?
Зайсангийн үнэтэй хаус, жийп, бенз машин гарч байж л кино болдог гэнэ.
Приустэй Сонататай хүн манайд түм бум бий...?
1990 оноос хойш кино урлаг сонирхогчийн төвшин рүү уруудсаар эцэстээ 2000~аад онд толгойтой хүн бүр кино хийдэг болсон? Түүнээс болж энэ урлагийн нэр хүнд их унасан.
Шалтгаан нь үнэтэй техник технологийн дэвшлийн ачаар техник хямдарч кино хийх нь гарын дор ажил болсон гэх юмуу даа ?.
Гадаадыг дууриаж хуулж кино хийсээр байна.
Тэгэж дууриаж болох ч хэтэрхий удаан явж болохгүй ээ.
Өөрийгөө алдана. Монгол хүн байх аа болино.
Монгол ахуй амьдрал, хүний нь ааш араншин зан үйлийг сайн кино болгох нь мэргэжлийн уран бүтээлчийн хийх ажил шүү.
Кино урлаг бол клип угсрахтай адилгүй.
Монгол кино бол Монголын түүх, соёл, ахуй амьдрал, зан заншил зэргийг нэвт харуулдаг учир Монголын нэвтэрхий толь бичиг байх учиртай.
Цөөхөн хүн амтай улс өөрийгөө авч үлдэхэд их нөлөөтэй урлаг бол кино шүү.
Залуу уран бүтээлч хүн биеэ дайчлан, сурч судлж, энэ урлагийн нарийн шириийн мөн чанарыг ойлгож шингээж явах нь цаг болжээ.
Хэдийгээр бид зах зээлийн нийгэмд амьдарч байгаа ч кино урлаг дандаа мөнгө олох хэрэгсэл байж болохгүй.
Киночдод хангалттай мөнгө олдог зөв механизм, хуулийг бий болгоё? Өгч суръя, нэхэж суръя.
Царай муутай, ядуу дорд хүн, ээрүү, солиотой, гажиг хүнд урнаар жүжиж чадвал залуу уран бүтээлч улам л уран чадвараа дээшлүүлнэ.
Тэрнээс биш доошоо орж байгаа юм биш.
За, за зам зуур ярилцаж санаа зовж байсан зүйлээсээ товчлон тэрлэв.
Тэгээд ч удахгүй Монголын кино урлагийн түүхт 90 жилийн ой тохиох учир кино уран бүтээлчид хувцсаа сольж нүүрээ угаалгүй нэг удаа толинд өөрсдийгөө харахад гэмгүй санагдав.
Киночид их ном унш, их юм судал, авьяасаа ширгэтэл дайчлан ажилла л даа. Тэгэж байж Оскарын шагнал хүртэнэ биз дээ?
Гадны хэлбэр маяг дууриагаад лав авахгүй.
Дэлхий жинхэнэ тал нутгийн "ориг" Монгол хүний мөн чанарыг ойлгохыг хүсч байна.
Монгол киноны түүхт ойд зохиулж бичлээ.
Дүү нар Та бүгд муулж, жийж байна гэж бүү бодоорой.
Сэтгүүлч Г.Золжаргал /СГЗ/ 2025. 07.28