26/03/2016
ГАНБАТЫН МИШЭЭЛ:
ДУГТУЙ ДҮҮРЭН ҮНСЭЛТ
Шөнөжин асгарсан бороо өглөөтэй нүүр тулаад, сэтгэл нь ханасан аятай аажмаар татран зүсэрч эхэлснээ, хүний яриаг чих тавин сонсох мэт хэрэгт дурлан чагнан чагнан дусласаар л.
Хашаа, гудамж, зам, машин, хүмүүс гээд бүгд л норж угаагдан өнгөлөг болохыг хүлээв үү гэлтэй. Бүр “Би бэлээн” гэж дуу ч алдах шиг. Орчлонгийн өдөр бүхэн адил санагдах Хураад өнөөдөр нэг л өөр, ямар нэгэн сайхан зүйл болох гээд ч байгаа юм шиг догдлол хүлээлтээр дүүрэн өглөө байлаа.
Багадаа асрамжийн газар өссөн түүнд гэр бүл гэж байхгүй ч найз нөхдийн халгүй сайн далайд хучигдаж яваа нэгэн. Дунд сургуулиа хэний ч өмнө улайхааргүй дүүргэснийхээ хүчинд, дээд боловсролыг өртөггүйгээр олж шүүрсэн аз түүнд бий. Гэвч тэр хамгийн үнэтэй, хамгийн дээд боловсрол бол “Хүн шиг л хүн байх явдал” гэж цаг ямагт өөртөө сануулна. Аз ингээд ч харьсангүй. Хэсэгтээ ажилгүй байсан ч чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж, бусдын дайтай амьдрах хүсэл нь зүгээр суулгалгүй хатгасаар зургаан сарын өмнөөс цалинтай нь золгуулчихсан.
Хотын төвд хэвлэлийн нэгэн компанид менежер хийж амьдралын их хөл хөдөлгөөнд сэлж яваа нь яах аргагүй аз мөн гэлтэй. Ажил дээрээ сууж байтал өглөөнөөс хойш бодлыг нь зөвшөөрөлгүй дагасан өнөөх сонин догдлол зүрхийг нь ахин дүүргэв бололтой. Бушуухан шиг тэр дор нь гаргаад нисгэчихмээр, аль эсвэл сэтгэлээ чөлөөлөн нэг сайн хашхирмаар байсан ч бусад ажилчид өөрийг нь солиорчихож гэж бодно хэмээн жийрхэнэ.
Компьютерээ ширтэн цав цагаан шинэ хуудас нээн учир нь үл ойлгогдох үсэг, тоо, тэмдэгтүүдийг эрээлжлүүлэн цохиж сууснаа, “Ёстой хашгирна гэдэг л энэ байх” гэж өөрийгөө шоолон инээвхийлэв.
Зогсоо зайгүй ажил хөөцөлдөж түүнийг царайчлан амсхийх ч завгүй суулгадаг хүмүүс, амралт зугаалга, наргиан цэнгээн гэж үргэлж залгадаг найз нөхөд гээд хэн ч утсанд нь халдсангүй.
Хүмүүсээр хүрээлүүлснийг эс тооцвол арал дээр ганцаар хоцорсон Робинзон Крузо, аль эсвэл дэлхий дээр үлдсэн хамгийн сүүлчийн хүн мэт. Ор хоосон. Энэ түгжрэлээсээ гарах гэж хэдэн хором ч бололгүй утас, и-мэйлээ байн байн шалгана.
Суудлаасаа өндийн өрөөнд хамт суудаг ажиллагсдаа харвал бүгд зав чөлөөгүй ажиллах агаад хий дэмий л эргэлдэн харж байснаа ахиад л утас, и-мэйлээ нэгжинэ. Өмнө нь овоорсон ажил мундахгүй их байгаа ч нэг л хийх зүйлээ эрж ядан хэн ч өөрт нь халдахгүй байгаад гайхан, “Арай би үхчихсэн юм болов уу? Эсвэл зүүдэлж байгаа юм болов уу?”гэж бодоод сэмхэн хацраа чимхэж үзвэл зүгээр ээ. Тэр амьд байна. Хэн нэгэнтэй ярих хүсэл дотрыг нь гижигдэн зүгээр суулгасангүйд:
- Энэ сар чинь хэд хоногтой билээ?
Хариу хэлэх нь битгий хэл, тоож харах хүн ч байсангүй. Түүний зэргэлдээх ширээнд, төрөлхийн хар гэмээр богинохон буржгар үсээ гөлийтөл нь цэгцтэйхэн боосон, том гэгчийн зузаан линзин шилтэй, насаараа өмссөн болов уу гэмээр хар ногоон хослолтой, тавь гарам насны Долгор гэх нягтлан бодогч эмэгтэй суудаг байв. Тэрээр зүүн гартаа барьсан цаас руугаа ихэд шимтэн харангаа, баруун гараараа нэг календар өгөх нь тэр. Хураа баярлалаа гэж чанга дуугаар хэлсэн ч хариу өгсөнгүй.
Хүн талархаж байгаагаа илэрхийлж байхад ядаж, зүгээрээ гэдэг ганцхан үг унагаж болно доо гэж амандаа үглэн, бусдаас хий дэмий яриа өдсөнийхөө хариуд хэрэггүй авсан календараа эргүүлж тойруулан харж суутал, долдугаар сарын хорин дөрвөн буюу өөрийх нь төрсөн өдрийг тэмдэглээд, тэгэх тэгэхдээ бүр зүрхээр тэмдэглэсэн байхыг олж харав. Гайхаж балмагдсандаа, айсан туулай бутнаасаа чадан ядан бултайн харж байгаа юм шиг Долгор руу сэмхэн гэтэж нүдээ тавитал, өнөө нябо эмэгтэй өөдөөс нь харж инээмсэглээд:
- Хураа миний дүү календараа хэрэглэж дууссан бол буцаагаад өгчихгүй юу. Эгчид нь хэрэг болоод байна гээд зүүн нүдээ ирмэв. Бушуухан шиг л календарийг нь буцааж өгөв. Зүрх нь салганаж хүчтэй цохилоод,
Надад энэ л дутаад байж дээ. Өглөөнөөс хойш л бүр ямар нэгэн юм тохиолдох гээд буй юм шиг санагдаад байсан юмаа. Ямар аймар юм бэ. Намайг сая ямар ёжтой харцаар харав аа. Хөгшин азарга жороо сурав гэдэг үг ч ортой болоод авлаа шүү! Үр хүүхэд битгий хэл ач зээгээ хүртэл үзчихсэн гээ биз дээ. Тийм байж хорь гарч яваа надаар яах гээ юм бол. Арай надад дурлачихсан юм биш байгаа даа. Надаас салахгүй хачиг шиг наалдчихвал яана. Тэгвэл ч би гэдэг хүн баларлаа л гэсэн үг. Жар дөхөж яваа эмээгийн нууц амраг болох нь ээ… гэж хорвоогийн хамаг муу үр дагаварыг хогийн сав мэт өөртөө цуглуулж сууснаа:
- Болохгүй ээ Долгор эгчээ гээд чангаар хашхиран босоод ирлээ. Ажилчид бүгд гайхан хартал, Долгор:
- Юу болохгүй гэж. Би яасан юм. Ямар нэгэн буруу юм хийгээ юү?
Хураагийн хамар болоод духан дээр нь хөлс бөнжигнөн цувчихсан ихэд сандрангуй түгдчин,
- Юу л даа би . . . би таныг. . . нөгөө. . . нууц амраг, бишээ календар! Тиймээ надаас календараа авч болохгүй гэж хэлэх гээд л. Тиймээ тийм би яг тэгж л хэлсэн! Өөр юу ч гэж хэлээгүй. Гэхдээ одоо зүгээр зүгээр, надад хэрэггүй болчихлоо хэмээн амандаа сулхан дуугараад сандалдаа лаг хийн суув. Долгор их л гайхсан янзтай:
- Хүү минь ээ чи зүгээр үү. Ажил ажил гэсээр байгаад ядаргаанд орчихсон юм биш үү. Бүр хамаг хөлс чинь цутгачихаж. Алив гээд энгэрээсээ үрчийсэн бор нусны алчуур гаргаж ирээд нүүрийг нь арчиж,
Залуу хүүхэд байж биеэ бодож бай, бодвол алчуургүй л биз дээ. Наадахаа ав.Харин дараа надад шинийг авч өгөөрэй! Амьд хүн байж халуун хоол унд идэж ууж бай. Бүр хөрчихөж гээд гарыг нь барьж илэн үгээ дуусгаад, шилээ аван нүдээ ирмээд суудалдаа буцахад нь Хураа золтой л ухаан алдчихсангүй.
Ашгүй энэ үеэр цайны цаг ч боллоо. Хүндхэн бодолд дарагдан, хөл дээрээ арайхийн тогтож ядан ажлаасаа гарах гэж байтал, туранхай хар жижүүр өвгөн:
- Хөөе Хураа түр хүлээгээрэй. Чамд захиа ирсэн. Май үүнийг ав. Залуу байхад ч сайхан даа. Захиа занаа гээд л, та хоёрт амжилт хүсье…хи хи хи… гэж саваагүйтэн дооглонгуй инээд алдснаа,
-Яасан хэн өгөөв гэж асуух гэж байна уу. Намайг одоохондоо битгий хэлээрэй гэсэн юм аа гээд цааш одов.
Хураа захиаг аван зэргэлдээх нэгэн кафед орж хоол цай захиалсан боловч хоолойг нь нэг л давж өгсөнгүй. Эргэн тойрноо хэд хэд ажин сая нэг эцэслээд, нөгөө захиаг задлан үзлээ.
Цав цагаан дугтуйн дээр ямарч нэр хаяг үгүйн зэрэгцээ өчүүхэн хар цэг ч харагдсангүй. Онгойлгож харвал дотор нь улаан эрээн, нүд эрээлжилсэн бичгийн цаас дүүрэн уруулын дүрс. Час улаан, халуухан өнгөөр уруулаа хучаад өнөө цаасыг энд тэнд нь нямбайлан үнсчихсэн байв.
- За баларлаа. Долгор эгч л энэ дугтуй дүүрэн үнсэлтийг илгээсэн байх. Надад дурлаад нууц амрагаа болгохоор шийдсэн нь гарцаагүй. Одоо би яах уу. Ерөөсөө л энэ долоо хоногийн сүүлээр захирлыг томилолтоо дуусгаад ирэхээр нь халагдах өргөдлөө өгчихөөд нэг хэсэгтээ утсаа салгаад нам жим алга болчихъё. Тэгсэн байхад намайг хаанаас олох вэ дээ гэж ганцаараа ярьж сууснаа хүн амьтан харчихвал хэцүүднэ гэж санаад захиагаа бушуухан шиг цүнхлээд авлаа. Сандарч тэвдсэндээ зөөгчийг дуудан нэг дор долоон аяга ус уучих нь тэр. Яах учраа бүр олж байгаад Тулгааг л дуудаж зөвлөгөө авъя гээд утсаа шүүрэн авав.
Тулгаа бол хамт ажилладаг найз нь бөгөөд, энэ компанид түүнээс хоёр жилийн өмнө орсон ажлын туршлагатай өндөр бор онигор нөхөр. Төд удалгүй түүнийг ирсэн даруйд болсон бүх явдлыг нүдэнд нь харагдтал ярьж өглөө. Яриа дуусав уу үгүй юу Тулгаа тосч аваад жижүүр өвгөний нэгэн адил, -Та хоёрт амжилт хүсье! Их романтик найз бүсгүйтэй болжээ, хайр дурлалд насны хязгаар байдаггүй юм гэнэлээ найз минь гээд кафег доргиох шахам хөхөрч гарав. Тэгснээ Хураагийн хачин царайлсныг гэнэт олж хараад инээдээ арай хийн дотогш залгин:
- За за найз минь ийм юмнаас болоод ажлаас гарна гээд сууж байж болохгүй. Арай ч үгүй байлгүй дээ. Долгор эгчийг чинь нөхөртөө их халамжтай гэж ярьдаг юм билээ. Чи л буруу ойлгосон байх. Наад захиаг чинь харин хэн илгээсэн юм бол. Нээрээ тийм жижүүр ахаас асуухад л бүх зүйл тодорхой болно биз дээ.
- Долгор эгч өөрийг нь өгсөн гэдгийг одоохондоо битгий хэлээрэй гэсэн гэж байна лээ.
- Үгүй ээ чи юу юуны түрүүнд л Долгор эгч Долгор эгч л гээд байх юм. Долгор эгчийг гэж яаж мэдэж байгаа юм. Хоёулаа цайны цаг дуусахаар орж хэн ийм уруулын будагтайг олж тогтооё. Харин наад нусны алчуурны чинь хувьд бол мань эгч ч чанга хүн дээ. Хурдхан шиг шинийг авч өгөөрэй гэв.
Тарчлаасан олон бодлуудаар цайны цаг дуусч, ажлаар орон хөл тавьтал, хүн болгон мэдчихээд сонин хараад байгаа ч юм шиг санагдаад хэцүү болоод авав. Ширээнийхээ ард суух гэтэл Долгор:
- Дүү минь нусны алчуур гээд баруун гарынхаа долоовор хурууг гозолзуулахад,
- Тиймээ Долгор эгчээ би мэдэж байгаа, танд заавал шинийг авч өгнөө гэж эгцэлж ч харалгүй тонгойсон чигээрээ, амнаас нь үг гуйж унагав уу гэлтэй үл ялиг түгдчин хариуллаа.
Эргэн тойронд суугаа бүсгүйчүүлийг нэгжин ажвал улаанаар уруулаа будсан хүн нэг ч алга. Алгуурхан хажуу тийшээ харвал, Долгор дугуй толь гартаа барьчихсан жижигхэн моониг хуруугаараа уруулаа будаж харагдав. Уруулан дээр нь унасан өнгө, захиан дээрх час улаан, халуун өнгө яах аргагүй мөн бөгөөд Хураа тэр дороо ухаан алдан унав. Хэсэг хугацааны дараа нүдээ нээтэл өөдөөс нь улаан уруул бүрэлзэн байснаа тод томруун болж ирсэнд харц нь зог туссанд Долгор:
- Би бүр чамайг мэдээд байсан юм аа. Энэ бол яах аргагүй ядаргаа туссаны шинж мөн. Чамайг ухаан алдсаны дараа түргэн дуудаад ирэхгүй болохоор нь Тулгаа бид хоёр чамайг манайд аваад ирсэн юм. Хураа:
- Би…би тэгээд танайд байгаа хэрэг үү?
- Тэгэлгүй яахав. Өөр хэнийд байх гэж?
- Тулгаа хаана байна. Яваагүй биз дээ.
- Би түүнийг ажилруу буцаачихсан. Чамайг сэрэхэд хажууд нь байж байхгүй бол намайг ална шүү дээ гээд уйлагнаад байхаар нь, та хоёр ямар эхнэр нөхөр хоёр юм уу гээд зад загнаад, хөөгөөд явуулчихсан. Тэгээд л би чиний дэргэд байж байна.
- Юу. Та тэгээд ямар миний эхнэр юм уу?
- Тэр ямар хамаатай юм. Ядаргаа туссан хүнийг тэр яаж асрахыг мэдэх биш, харин ч би хөлсийг чинь арчаад, эм тан уулгаад, хувцсыг чинь тайлж угаагаад тавьсныг тус гэж бодно уу, ус гэж бодно уу өөрөө л мэд гэж их л гомдонгуй хэлснээ зузаан линзин шилээ духан дээрээ тавьж авмагцаа нүдээ ирмэв гэнэ. Хураа гайхан, хувцас тайлахаа гээд хөнжлөө сөхөн хартал дотуур өмднөөс нь өөр юу ч үлдээгүй байв. Хамаг чангаараа хашхирч хөнжлөө урдаа барин орон дээрээ босч зогсоод:
- Та яасан ч ингэж болохгүй. Танд нөхөр чинь байна. Хүүхдүүд чинь байна. Намайг битгий ингэж зовоогооч дээ гэж бараг уйлах шахам дуугарав. Долгор ер тоосон шинжгүй:
- За тэр яах аргагүй ядаргаа мөн гэдэг нь батлагдаад байгаа юм даа. Хашгирдаггүй хүн гэнэт чанга хашгирнаа гэдэг бол ядаргааны сүүлийн шат. Энэ ч муу хэрэг шүү! Өвгөн зуслан гарсан. Охин маань ажлын урд талын эмийн санд ажилладаг, мөдхөн тараад ирнээ. Эм зүйч хийдэг ухаантай. Уг нь надтай адил нягтлан мэргэжилтэй хүүхэд юм байгаа юм. Хоёр мэргэжил хослуулаад эзэмшчихсэн сүрхий хүүхэн бий дээ. Хоёулаа ирэхэд нь сайхан шөл хийгээд байж байя. Одоо орой ч болчихлоо, чи ер нь эндээ хоноод яв, тэр нь ч дээр гээд нүдээ ахин ирмэв.
Хураа хамаг хурдаараа цонхны дэргэдэх хатаагуур дээрээс нойтон хувцасаа шурдхийн татаж аваад хам хум өмсөж гэрийн зүг харанхуй дундуур муурнаас дөлсөн хулгана мэт дутаан алга болов. Гэртээ ирээд шөнөжин эргэж хөрвөөн, хааяадаа нэг нүд анисхийвэл, өдөөн хатган дуудах ирмэх нүд, үнсье хэмээн улайран дайрах улаан уруул хоёр зүүдэнд нь орж зовоон хар дарсаар өглөөтэй золгон нэг мэдэхэд ажлаасаа бүтэн цаг хэртэй хоцрон ирэв.
Ширээнийхээ ард суугаад, Долгорын ширээ рүү харвал хамгийн эрт ирж, урдаа дүүрэн цаас овоолон суудаг тэрээр энэ удаад алга шүү! Тулгаа руу нэг гомдлын нүдээр харснаа халагдах өргөдлөө бичиж эхлэв.
Итгэл хэвлэлийн компаний захиргаанд өргөдөл гаргах нь:
Миний бие Баатар овогтой Хураа нь тус компанид зургаан сар ажиллалаа. Ажиллах хугацаандаа ямар нэгэн асуудал чирэгдэл гаргаагүй ч, саяхан өөрт тохиолдсон нэгэн хүндэтгэх шалтгааны улмаас цаашид ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон тул, энэ хүсэлтийг минь харгалзан үзэж ажлаас чөлөөлж өгнө үү?
Үгүй ээ би ер нь яаж солиорч байна аа. Захирал надаас яг ямар шалтгаанаар гарч байгаа юм гээд шалаад байвал, Долгор эгчтэй ханилан сууж чадахгүйн улмаас гэлтэй нь биш дээ. Арай гэж хүсч мөрөөдсөн салбартаа ажиллаж байж ийм шийдвэр гаргах дээрээ тулах гэж. Ерөөсөө Долгор эгчид би найз бүсгүйтэй, тэрэндээ ухаангүй их хайртай, тэр минь ч надад хайртай гээд л хэлчихье! Үгүй ээ, хэрвээ би ч чамд ухаангүй хайртай, та хоёрыг салгана, би чамаас салж чадахгүй гэвэл яах уу? Тэгэхээр нь би хариуд нь, бид хоёр хүүхэдтэй болсон удахгүй гэрлэнэ гэнэ. Хүүхдийг чинь эхийн ёсоор хамтдаа өсгөе гэх вий дээ гэх мэтчилэн олон бодолд ороогдон, ер болоогүй зүйлд хариулт бэлдэн, өөрөө өөртэйгөө ярьж толгойгоо гашилган суутал жижүүр өвгөн орж ирэн:
- Хураа өглөө үүнийг нэг хүн чамд өгөөрэй гэснийг нь би мартаж орхиж гээд өмнөхтэй ижил дугтуйг түүн рүү сарвайв. Сэтгэл түгшин дургүй гэгч нь захиаг авах зуур, Тулгаа:
- Түр гараад ир, хэлэх юм байна гээд хажуугаар нь өнгөрөв. Дуртай дургүй нэг юм хөлөө зөөж ядан алхсаар араас нь гарвал,
- Эзнийг нь олчихсоон. Хоёулаа андуурч байж. Хоёулаа ч гэж дээ чи андуурсан хэрэг. Тэр дугтуй дүүрэн үнсэлтний эзэн нь Долгор эгч биш, наад захианых чинь ч бас гээд үл мэдэх зурвас руу заав. Гайхсан тэрээр захиаг хурдхан гэгч нь задалвал, Булгаа гэж ихэд хичээнгүйлэн бичсэн ганц нэр л байв. Энэ хэн юм бол оо гэж горьдсон харцаар Тулгааг харахад нь:
- Яасан санахгүй байна уу. Ажлын байран дахь анхны тусламжийн хэрэгсэл бэлдэхээр хоёулаа замын урд талын эмийн сан руу ороход, торомгор алаг нүдтэй өөрийгөө эм зүйч гэж танилцуулж байсан нэг хөөрхөн бүсгүй байсан даа.
- Тэр эмэгтэй юу гэж?
-Юу, юу гэж. Чамд нэрийн хуудсаа өгсөн биз дээ. Алив ээ хурдан гаргаад ир. Мод шиг хөшчих юм. Чи ч азтай юм аа.
Хураа тэр даруй хэтэвчнээсээ нэг нэрийн хуудас гаргаад харвал, шинэхэн авсан зурвасан дээрх нэр яг таарсан бололтой сая нэг санаа нь амарч цээж дүүрэн амьсгаа авахтай болоод инээд алдан Тулгааг тэврэн авав.
- Яав, тэр эмэгтэйн нэр яг мөн биз. Тэгэхээр Долгор эгч та хоёрын үерхэл ч талаар болов бололтой. Би өглөө хуралд орох гэж яваад жижүүр тэр эмэгтэй хоёрын яриаг санаандгүй сонсчихсон юмаа. Наад зурвасыг чинь үлдээж байхыг энэ хоёр том нүдээ бүлтийлгэн байж харсан гээд л бодчих.
- Онийчоод том нүдээрээ гэнэ шүү! Захианы эзэн тэр үзэсгэлэнтэй бүсгүй юм санж. Ингэхэд Долгор эгч ирээгүй байгаа юм уу. Түрүүнээс хойш харагдахгүй байх юм. Гадагшаа ажлаар гараа юу?
- Яасан Долгор эгчээс сална гэсэн чинь сэтгэл чинь эзгүйрээд шаналаад эхлэв үү. За за тоглосон юм. Захирал томилолт нь хойшлогдсон гээд өглөө ирсэн. Тэгээд хурал дээр Долгор эгчийг тэтгэвэртээ гарч байгаа, оронд нь охин нь нягтлангаар орох байх гэж юм ярьж байна лээ. За орцгооё! Одоо найз минь Булгаатайгаа л учраа ол гэсээр аз атгасан мэт жаргалтай инээдээ ардаа үлдээн цааш алхацгаав.
Өдрийн цайны цагийн өмнөхөн Долгор охиноо гээд нэг эмэгтэйг дагуулж ирсэн нь улаан уруул, намирсан хар урт үс, алаг нүд, цайвар царай гээд бүхэн нь сайхан өнөө эмийн сангийн үзэсгэлэнт дагина байх нь тэр. Өөрийгөө Булгаа гэж танилцуулсан бүсгүй ээжийхээ суудаг, Хураагийн зэргэлдээх ширээнд суугаад түүн рүү хөнгөн инээд шидэв. Салхинд туугдан ирсэн тэр инээд зүрхийг нь гижигдэв үү гэлтэй царайг нь улайлгаж балмагдуулж орхив. Энэ үеэр Долгор ирээд:
- Хүү минь ээ, эгч нь сая эмнэлгээр явахгүй юу. Чамайг ядаргаа тусаж гээд байсан чинь би өөрөө бүр ядаргаанд орчихсон байна гэнэ. Энэ зүүн нүдний дээд доод хоёр зовхи цохилдоод байгаагаа ч анзаарсангүй гээд шилээ автал, сэтгэлийг нь айлгаж, түгшүүрэн дунд туучуулж явсан ирмэлт мөн бөгөөд энэ удаад огтхон ч айлгасангүй.
- Нээрээ тийм, хүн хөгшрөхөөр юм гэдэг зохихоо байх юмаа. Саваагүйтээд охины уруулын будгийг гангарч байна гээд хэдэн өдөр нялчихсан чинь харшил хөдлөөд юм туурчихсан. Нас ахихаар амьтны доог болдог гэж үнэн юм даа. Харин нөгөө нусны алчуур гээд долоовор хуруугаа гозолзуултал:
- Эгч минь би сайн санаж байгаа. Марталгүй шинийг заавал авч өгнөө. Аа нээрээ таны календар дээр долоон сарын хорин...
- Манай хөгшний төрсөн өдөр. За тэгээд охинд минь сайн туслаж дэмжиж байгаарай. Ингэхэд өчигдөр хоол унд идээд, хувцсаа хатаагаад, явахгүй юунд яараад нойтон хувцастай явчихдаг юм. Өнөөдөр тараад ирээрэй. Сайхан бууз хийгээд хүлээж байя. Булгаа миний охин энэ нөхрийг чирээд ч хамаагүй авчраарай гээд Хураа руу өнөө зүүн нүдээ ирмээд яаран гарч одоход араас нь
- За за тэгнээ ээжээ, бишээ Долгор эгчээ, би өнөөдөр заавал очноо гэж орилоод, өөрийнхөө яаж андуурч хөглөснөө бодон инээж гарав. Чагнаж орсон бороотой өдрийн хэн нэгнийг хүлээсэн гэгээн совин, дугтуй дүүрэн хайр илгээснийг бодох ч завгүй инээдээ унагасаар л…
Мишээл Ганбат